ТҮҮХЭН ЗАМНАЛ
Сэлэнгэ нутагт гаалийн байгууллага үүссэн нь
Манжийн төрийн гаалийн хороог монгол газар байгуулах оролдлого ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байсан боловч 1904 онд Их хүрээнд Манжийн төрийн Гаалийн ерөнхий хороог байгуулжээ. Уг хороо нь хятад худалдаачдаас хураах гааль татварыг аль болох сайтар шавхан хураах үндсэн үүрэгтэй байв.
1911 онд хятад худалдаачдын барааг тээгчдээс гааль хураах хороог Их хүрээ, Хиагт зэрэг газар байгуулж тэдгээрийн мөрдөх журмыг нь тогтоон зарласан бөгөөд үүний дагуу хятад худалдаачдаас гааль татварт хураасан мөнгө нь Монгол дахь Манжийн дэглэмийг бэхжүүлэхэд зориулагдаж байсанаас бус Монголын ард түмэнд хүртэх юм алга байжээ. Энэ үед хятад худалдаачдын хэргийг Журганы занги мэдэж шийтгэж байсаныг халж Нийслэл хүрээ, Хиагтын чиглэлд иргэдийг захирах могол түшмэл томилон суулгаж 1921.06.21-ээс эхлэн худалдаачид очих хошуу, шавийн нэр, өөрсдийнх нь болон дагалдах хүний овог нэр, худалдах бараа таваар, жин хөсгийн тоо зэргийг тодорхойлсон бичгийг уг түшмэлээс авч Гаалийн яаманд өргөн мэдүүлж байх журам тогтоосноор Журганы журмыг хүчингүй болгожээ.
1911 оны 12 дугаар сарын 16-нд Ү111 Богд Жавзундамбыг Монгол улсын хаанаар өргөмжилж Монгол улс дахин тулгар төрөө сэргээн байгуулсан нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол үр дүн, түүхэн дэвшилтэт үйл явдал байлаа.
1912 оны зургадугаар сарын 2-нд Сангийн яамнаас өргөсөн бичигт /…гаалийн хэргийг тусгайлан эрхлэх газар байгуулж гаалийн хэргийг тусгайлан эрхлүүлье../ гэснийг Богд хаан /… ёсоор болгоё…/ гэж цохсоны дараа үндэсны гаалийн албыг байгуулах ажилд шамдан орсон байна. Үүний дагуу бэлтгэл ажлыг шуурхай хангаснаар 1912.06.08-нд Сангийн Яамны бүрэлдэхүүнд Гаалийн Хэргийг Ерөнхийлөн Шийтгэх Яамыг байгуулжээ. Гаалийн хэргийг сайнаар явуулахад гааль хураах дүрэм, журам зэрэг хууль эрхийн акт нь тодорхой, боловсронгуй байхын чухалыг харгалзан үзэж дөрвөн анги арван зургаан зүйлтэй хуулийг боловсруулан Богд хаанд айлтган батлуулаад, монгол, хятад үсгээр хэвлэн гаргасан байна. Энэхүү хуулийн нэгдүгээр анги нь таван зүйлтэй байсан бөгөөд гуравдугаар зүйлд нь хятад худалдаачид тус оронд худалдахаар авч ирсэн бараа, цай, архины зүйлийг Нийслэл хүрээ, Маймаа хот, Хиагт, Улиастай зэрэг гаалийн хороодтой газруудад бол тэдгээр хороодод уул авч ирсэн бараа зүйлийн нэр, төрөл, тоо, тооцох үнийг тусгай хуудсаар тодорхойлон мэдүүлж, нарийвчлан шалгахад бэлтгэж шалгуулаад дүрэм ёсоор гааль татвар хураасны дараа худалдаа хийвэл зохихыг заажээ.
Монгол улсын Засгийн газраас 1923 оны 06 дугаар сард баталсан Гаалийн дүрэмд гаалийн төвлөрсөн хороог Нийслэл хүрээ, Улиастай, Ховд, Заяын хүрээ зэрэг 4 газар байгуулж, хилийн боомтын гаалийн хороо, салбарыг хил хязгаарын 37 газарт байгуулахыг заажээ. Энэхүү заалт ёсоор Алтанбулаг, Хүдэр, Зэлтэр зэрэг газарт гаалийн хэсэг байгуулагдсан бөгөөд тэдгээр нь шинэ үеийн буюу өнөөгийн Сэлэнгэ дэх гаалийн газрын үндэс суурь болсон юм.
Сангийн Яамны 1942 оны 07 тоот тушаалаар Эрээнцавын гаалийн хороог татан буулгаж, Алтанбулагийн гаалийн салбарыг цэг /пост/ болгон өөрчилсөн байна. Энэ үед Сүхбаатарын гаалийн хороо нь хойт зүгийн, өөрөөр хэлбэл ЗХУ-тай хиллэсэн БНМАУ-ын хил дээрх томоохон хороо болжээ.
Гадаад худалдааны уламжлалт түнш ЗХУ-тай хийх худалдаа, эдийн засгийн харилцаа тогтмол өссөөр байлаа. Энэ мэтээр манай орны авто, төмөр замын тээвэр хөгжиж зорчигчдын урсгал ихэссэн тул зорчигч, ачаа тээшинд тавих гаалийн хяналтыг сайжруулах зорилт тус байгууллагын өмнө зүй ёсоор тавигдаж байлаа.
Дэлхийн 2-р дайн дуусч үндэсний ардчилсан хувьсгал ялалтанд хүрч БНХАУ-ыг тунхагласан болон олон улсын амьдралд гарч эхэлсэн зарим нааштай өөрчлөлтүүдийг харгалзан Монгол улсад гаалийн бие даасан алба байх шаардлагагүй гэж үзээд, 1954 оны 2 дугаар сарын 21-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс гаалийн байгууллагуудын үүргийг хилийн байцаан өнгөрүүлэх газруудад хариуцуулах болсноор Сүхбаатар дахь гаалийн хороог татан буулгажээ.
Улс орны эдийн засаг, соёлын гадаад харилцаа хэлбэрэлтгүй өсөн нэмэгдсээр байсан энэ үед Гаалийн байгууллагыг үүрэг, чиглэл нь ялгаатай өөр байгууллагын хавсарга болгосон явдал буруу болох нь амьдрал дээр удалгүй нотлогдсон тул БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс гаалийн байгууллагыг 1956 онд дахин байгуулж, Улсын гаалийн хэргийг Цэрэг-Нийгмийг аюулаас хамгаалах Яамнаас БНМАУ-ын Худалдааны Яаманд харъяалуулан, 1939 оны гаалийн дүрмийг өөрчилж шинэ дүрэм гаргах шаардлагатай болсон байна. Ингээд 1959 оны 2 дугаар сарын 4-нд гаалийн шинэчилсэн дүрмийг баталсан бөгөөд манай улсын авто, төмөр зам, агаарын тээвэр хөгжиж, зорчигчдын урсгал ихэссэн, гадаад харилцаа өргөжсөн зэргээс шалтгаалан зорчигч, тээшийн гаалийн хяналтыг сайжруулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод гаалийн хороог дахин шинээр байгуулжээ.
1960 онд батлагдсан “БНМАУ-ын үндсэн хууль”-д социалист төрийн нэг үндсэн үүрэг бол “гадаад худалдааны онц эрхийг биелүүлэх” явдал мөн гэж заажээ.Энэ заалтыг үндэслэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл гадаад худалдааны онц эрхийг хамгаалах хяналтыг бэхжүүлэх зорилгоор 1971 оны 7-р саын 2-нд “Гаалийн ажлын талаар авах арга хэмжээний тухай”, 215-р тогтоол гаргаж уг тогтоолд гадаад орнуудтай байгуулсан хэлэлцээрээр БНМАУ-д оруулах барааг гадаад худалдааны Яамны зөвшөөрлийг үндэслэн оруулж байх, дотоод зах зээл дээр комиссын дэлгүүрээс гадуур худалдаа хийхийг зогсоож, гадаадтай хийх худалдаанд гааль, ой мод, мал эмнэлгийн албаны хяналтыг өргөжүүлэх, экспортын барааг дотоодод худалдаалахыг хязгаарлаж, боомтуудын чиглэлийг заасны дотор Сэлэнгэ аймгийн чиглэлд Сүхбаатар хот, Алтанбулаг, Цагаан арал, Зэлтэрийн боомтуудыг оруулжээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Цагаан арлын чиглэлээр зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байгааг харгалзан СнЗ-ийн тогтоолоор гаалийн салбаруудыг тэнд байгуулахаар шийдвэрлэсний дагуу 1965 онд Алтанбулаг, Цагаан аралд гаалийн салбар байгуулан ажиллуулжээ. Улмаар Сэлэнгийн чиглэл дэх хоёр орны хил орчмын харилцаа худалдааны цар хүрээ өргөжиж байгаагаас хамаарч Хутаг-Өндөрт 1974.10.01-ээс, Хонгор-Овоонд 1974 оны 11 дүгээр сарын 01-нээс, Харцай, Цагаан чулуутад 1974 онд гаалийн салбаруудыг шинээр байгуулжээ.
1979 онд улсын хэмжээнд гаалийн дөрвөн хороо, 21 салбар, 94 хүнтэй байснаас Сэлэнгэ аймагт нэг хороо, гурван салбар, 26 хүн ажиллаж байсан байна.
1980 онд анх гаалийн байцаагч нар хувийн дугаар бүхий тэмдэг хэрэглэдэг болжээ. Энэ үед тус гаалийн хорооны дарга И.Билэгдэмбэрэл 031, байцаагч нараас Б.Цэрэндуг 032, Ц.Бямбадорж 051, Х.Дагвасамбуу 028 гэсэн дугаар бүхий хувийн тэмдэгийг хэрэглэж байжээ.
Байгууллагын нэрийн өөрчлөлт
Д/д | Байгууллагын нэр | Өөрчлөгдсөн он, сар, өдөр |
1 | Алтанбулаг, хүдэр, Зэлтэрт гаалийн хэсэг | 1912 оны 06 дугаар сарны 08 |
2 | Алтанбулаг дахь Гаалийн хэсгийг гаалийн I зэргийн хэсэг | 1930 он |
3 | Алтанбулагийн гаалийг Сүхбаатар дахь гаалийн хороо | 1942 он |
4 | Сүхбаатар дахь гаалийн хороог татан буулгаж Хилийн байцаан өнгөрүүлэх газарт харъяалуулсан | 1954 он |
5 | Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын хороог дахин шинээр байгуулав | 1959 он |
6 | Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар | 1990 оноос одоог хүртэл |
Байгууллагын албан ёсны бүтэн нэр
– Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар