Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн албаны Сибирь болон Алс дорнодын хууль сахиулах гаалийн газар болон хоёр орны хил залгаа гаалийн газрын төлөөлөгчдийн ажлын дөрөвдүгээр ээлжит уулзалт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Уулзалтын үеэр “Хоёр орны гаалийн байгууллага өмнө хэрэгжүүлсэн ажлаа хамтран дүгнэхийн зэрэгцээ дэлхий нийтийн хэмжээнд хилийн хязгаарлалттай холбоотой үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаа улам нарийсч, олон улсын худалдааны бараа нийлүүлэх сүлжээний аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа нь бидний хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг бий болгосон” хэмээн онцоллоо.
Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэр Оросын Холбооны Улсын Сибирь (Цагааннуур – Ташанта, Боршоо – Хандгайт, Тэс – Шарсуурь, Арцсуурь – Цагаан толгой)-ийн болон Алс Дорнод (Ханх – Монд, Сүхбаатар – Наушки, Алтанбулаг – Хиагт, Ульхан – Дээд ульхан, Эрээнцав – Соловьевск)-ын бүсүүдтэй төмөр зам, авто замын сүлжээний дагуу олон улсын болон хоёр талын байнгын ажиллагаатай боомтуудаар холбогдож зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд гаалийн хяналтыг зохион байгуулж байгаа болно.
Уулзалтаар хоёр талын хилийн боомтуудад бүртгэгдсэн хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, тэдгээрийн чиг хандлага, гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх чиглэлээр, харилцан тохиролцсон асуудлууд, мөн эрэлч нохойн хяналт, сургалтын чиглэлээр хийгдсэн ажлын үр дүнг хэлэлцэж дүгнэлээ.
Цаашид хил дамнасан хууль бус худалдаатай тэмцэх, түүний зэрэгцээ хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, гаалийн зөрчлийн чиглэлээр шуурхай мэдээлэл солилцож, чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагаа улам бүр хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцлоо.