Түүхэн замнал

Дэлхийн улс оронд “Торгон зам” гэж алдаршсан худалдааны их зам нь Өрнө, Дорнын суурьшмал амьдралтай, худалдаа, үйлдвэр, газар тариалан хөгжсөн орнуудын хооронд худалдааны өргөн харилцаа холбоо тогтоох тааламжтай нөхцөл бүрдүүлж байсны үр дүнд замын дагуу худалдааны зах зээл үүсэн байгуулагдаж, улмаар худалдааны боомт /төв/ хотууд бий болох үндсийг тавьжээ.

Түүхчдийн нотолсноос үзвэл “Торгон зам” бол хятадууд торго, магнаг зэрэг бараагаа борлуулах зах зээл эрж хайсны улмаас биш, харин тэр үеийн хятадын Хан улс нь умарт зүгийн нүүдэлчин аймгуудын халдлага довтолгооноос хамгаалах тэмцлээ үр дүнтэй болгохын тулд Түмэн газрын Цагаан хэрэм босгох гэх мэт олон том арга хэмжээ авч байсны гадна хань хамсаатан олох, өөртөө татах зорилгоор тэдний цаана /баруун талд/ орших улсуудын тухайлбал, Туркестан, Дундад Азийн орнуудын эрх баригчдад тансаг эд зүйл, юуны өмнө торго магнагаар бэлэг сэлт өгөх арга хэлбэрийг өргөн ашиглаж байсантай холбоотой үүссэн гэж үздэг. Үүний хариуд тэднээс нүүдэлчдэд зэвсэг худалдахгүй байх, довтолгоог дарахад туслалцаа авах амлалт авдаг байсан гэдэг.

Монгол аймгууд нь “Торгон зам”-ыг нэг үе хяналтдаа авч байсан боловч бусдын хүчинд автаж, алдаж ирсэн түүхтэй.

СЯНЬБИ УЛС (II-IV зуун)

Хүннү нар /МЭӨ III-МЭ II зууны хооронд/

Төрт гүрний хэлбэрээр оршин тогтнож байхдаа Худалдааны их зам “Торгон зам”-ыг хяналтадаа авч, хятадтай худалдаа хийж, хаяа нийлсэн нутгаараа хилийн зах зээл байгуулж өргөн харилцаатай байсан бөгөөд замын дагуух Харшаар, Турфан, Увей хотууд өргөжиж эдгээрийг улсын нийслэл /Орхон голын сав газарт байсан Луут хэмээх өргөө/-тэй холбож байсан бол, нөгөө талаар Ухань, Туркестантай өргөн харилцаатай байжээ.

Сяньби, Түрэг, Хятан улсууд нь нийслэл /Хааны Өргөө/-ийг Харшаар, Ками / Хами/, Сужоу хотуудтай холбосон замын сүлжээ бий болгожээ. Ингэж “Торгон зам” нь дундад болон Төв Азийн худалдааны гол төв болсон улс орнуудыг холбож тэдгээрийн зах зээлийн төв хотууд өргөжин хөгжиж мөн бусад хэлбэрийн харилцаа үүсэх өргөн боломжийг олгосон байна.

Тангууд улс /1032-1227/

Зүрчдийн Алтан улс /манж нар/ /1115-1234/ зэрэг Монгол аймгуудын хүчтэй тэмцэлдэгчид бий болж байсан үед “Торгон зам”-ыг мэдлээсээ алдсан бөгөөд зам нь ч олон зуун жилийн дайн тулалдааны хөлд нэрвэгдэж, ач холбогдлоо алдаж, бүдгэрч үгүй болох тал руу ороод байв.

Чингис хаан монгол туургатнуудыг нэгтгэж тулгар төрт улсаа байгуулсны дараа Монголын Хэрэйд, Найман аймагтай хиллэж, “Торгон зам”-ын гол зангилаа нутаг /Ордос, Альшаа, Эзнээ, Ганьсу мужид оршин тогтнож байсан Иргай /Синчин хот/ нийслэлтэй Тангууд улсыг эзлэх /1219-1221 оны хооронд/ удаа дараагийн хүчтэй аян дайн хийсний үр дүнд “Торгон зам”-ыг хяналтдаа авч сэргээн, Дундад Азитай худалдааны харилцаа тогтоохыг ихээхэн эрмэлзэв. Нөгөөтэйгүүр Алтан улсын эрхшээл, нөлөөг устгах, улмаар умарт хятадыг өөрийн нөлөөндөө оруулахыг зорьж байв.

Онцлон дурьдахад Чингис хаан олон улсын худалдааг хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж /бодлого явуулж/ худалдаачдыг тал бүрээр урамшуулан дэмжиж, худалдааны замыг хамгаалах, өртөө буудал байгуулах, их замын дээрэмчин, хулгайч нараас хамгаалах арга хэмжээ авч, нэг талаар даатгалын чанартай болгож Азийн эртний худалдааны аян замыг хөгжүүлсний үр дүнд Отрар, Бухар, Самарканд, Турфан Сужоу, Увэй г.м. хотуудыг өөрийн нийслэл Хархорумтай холбосон их замын сүлжээг бий болгов. Эдгээр хотууд нь цаашлаад эзэнт гүрний мэдэлд орсон Афган, Пакистан, Умарт Энэтхэг, Ирак, Иран, Азербайджан, Гүрж, Армян, Өмнөд Оросын тал нутгийн хотуудтай худалдааны замаар холбогдож байв.

Өгэдэй хааны үед шинэ дэвшил хөгжилд хүрч энэ их өргөн харилцаа, цэргийн бэлтгэл дайн тулаанд шаардагдах төрийн их сан хөмрөгийг арвижуулах үүднээс гааль татварын бодлогыг улам боловсронгуй болгож 1234 онд Худалдааны Гаалийн хууль баталж /Их засаг хуульд үндэслэж/ Гаалийн асуудал эрхэлсэн төрийн алба байгуулсан нь “Торгон зам”- аас олох орлого асар их байсны баталгаа юм.

Үүний үр дүнд нэгдсэн Монгол улсын нийслэл Хархорум хот нь олон улсын худалдааны төдийгүй Ази, Европыг холбосон улс төр, эдийн засаг, соёл, шашны харилцааны том төв болж хөгжих боломжтой болжээ.

Ер нь Чингис, Өгөдэй тэргүүтэй Их Монгол Улсын хаад худалдааг ихэд эрхэмлэж түүнийг хөхиүлж дэмжихийн хамт дээр дурдсанчлан гаднаас ирсэн худалдаачдын сонирхлыг татаж байсны гадна шударга бус худалдаа хийх, ард иргэдийг мөлжих, амьдралыг нь доройтуулах, хээл хахууль авах өгөхийг хатуу чандлан хорьж байсан байна.

ХЯТАН УЛС (907-1125 он)

Түүхэн баримтуудаас дүгнэлт хийж үзвэл Чингис хаан болон түүний дараагийн хаад нь Ази, Европ хоёр тивийн орнуудын бүх талын харилцааны суурийг тавьж зарим талаар бүр хөгжүүлж, Их Монгол Улсын халдашгүй дархан байдал, эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө зорьж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Хэдийгээр бусдыг эзлэн авах, халдан довтлох шинж чанартай аян дайныг өргөжүүлж байсан ч гэсэн нэг төр, нэг нийслэл бүхий их гүрэн байгуулсан нь газар зүйн байршил, Геополитикийн маш зөв бодлого бүхий Их Монгол Улс байсан гэж үздэг. Нөгөө талаас нь үзэхэд Ази, Европоор тогтохгүй дэлхий дахинд Монгол Улсыг нээж өгсөн гэж үзэж болох талтай.

Энэ нь Монгол улсын хувьд шинэ шинэ ертөнцийг нээх, өөрөө шинэ ертөнц болоход зам харилцааны ач холбогдолтой байсан нь гарцаагүй. Ингэж дэлхийн бөмбөрцөгийн хагасыг хамарсан нэгдмэл улсын нийслэл Хархорум хотыг Ази Европын олон хотуудтай холбож мэдээлэл, шуудан харилцаагаар хангах Өртөөний өвөрмөц зохион байгуулалт бүхий аргаар шийдвэрлэх замын сүлжээг бий болгоход “Торгон Зам”-ыг гол үндэс болгосон нь ойлгомжтой.

Өртөөний зам сүлжээгээр дамжиж зөвхөн худалдаа арилжаа өргөжөөд зогсохгүй “Торгон Зам”-ыг бүтээлчээр ашигласны үр дүнд Нийслэл Хархорум нь Ази Европыг холбосон их худалдааны төдийгүй улс төр, шашин, соёлын болон үйлдвэрлэлийн төв болсон юм.

XIII зууны эхний хагаст Өвөр Кавказын орнууд Гүрж, Армян, Азербайджан, Персийн орнууд /Ирак, Иран/ Дундад Азийн Туркмен, Хорезм улсын гол хотууд, Хятадын Цагаан Хэрэмийн цаана орших Сучжоу болон одоогийн Бээжин хотууд нь нийслэл Хархорум хоттой их зам, өртөөгөөр холбогдсон байв.

Чингис болон Монгол хаадын нэг онцлог нь эзэлсэн нутаг орныхоо хамгийн шилдэг урчууд /мэдээж зохион бүтээгчид/, эрдэмтэй хүмүүсийг устгаж сөнөөлгүй, харин ч тэднийг өршөөн тэтгэж монгол газарт ирүүлж бүтээн байгуулах ажил хийлгэж байсны гадна тэдний хэл, соёл, шашин шүтлэг, зан заншилд хүндэтгэлтэй хандаж байсан түүхэн баримт бий.

Ингэж нэг ёсондоо өнөөгийн ертөнц дахины даяаршлын шинж чанартай арга хэмжээний нэг гол хүчин зүйл нь хөгжилд дагуулсан зам харилцаа байв.

Дээр дурьдсан зам дагуу худалдааны хотууд өртөөний буудлуудыг холбосон мэдээлэл харилцааны шинэ өвөрмөц систем тогтоож, үр дүнтэй ашиглаж байсан нь магадгүй олон улсын худалдаанд ач холбогдолтой болсон байх. Цаашид судлан үзэх, ач холбогдлыг нотлууштай.

Нэг жишээ дурдахад Бат хааны цэрэг 1241 онд Унгар улсыг байлдан дагуулаад алдарт Дунай мөрөнд байхад нь Монгол нутгаас /7000 км гаруй/ элч хүрэлцэн очиж Өгөдэй хаан таалал төгссөнийг дуулгаж, дараачийн хааныг сонгох Их Хуралдаанд яаралтай ирэхийг Бат Хаанд мэдэгдэж байсан түүхэн баримт байдаг. Энэ мэтээр “Торгон Зам”-ыг Монгол Улс хяналтдаа авч байх үед Баруун Европын Ромын эзэнт улс, Франц зэрэг орнуудтай харилцах боломжтой болсоны гэрч нь Плано Карпини /1246-1247 он/ Вильгельм Рубрук /1254 оны/ мөн Марко Поло зэрэг нарын элч, төлөөлөгч Монголд ирж Монгол орны төдийгүй дорно зүгийн улс орнуудын тухай бичсэн түүхэн тэмдэглэлүүд нь өнөө үед ч гэсэн түүх судлалын үнэтэй эх сурвалж болсоор байгаа нь Их Монгол Улс дэлхий дахинд өөрийгөө нээж танилцуулсан нь зам харилцааны нэн таатай орчинг бүрдүүлж чадсаны үр дүн гэж үзэж болох юм.

Энэ бүгдээс дүгнэлт хийж Их Монгол Улс нь “Торгон Зам”-ыг сэргээн хөгжүүлэх, “Торгон Зам”-аас эх суурьтай их замын сүлжээ нь Их Монгол улсын хувьд ямар ач холбогдолтой байсныг өнөөгийн өндөрлөгөөс эргэн харвал:

1. Он удаан жил дайн тулалдааны талбар болж улмаар гол зангилаа нутгийг эзэмшиж байсан Тангууд, Алтан улс зэрэг орнуудын харилцааны нөхцөл байдлаас болж ач холбогдлоо алдан бүдгэрч үгүй болох шахсан “Торгон Зам”-ыг Их Монгол улс сэргээн хөгжүүлж, олон улс хоорондын харилцааны зам болгосон нь өнөө үед ч уламжлан ач холбогдлоо өгсөөр байна.

2. Европыг холбосон их замын сүлжээ /цаашилбал Баруун Европыг холбосон/ нь түүнийг дагуулсан өртөөг ашиглан мэдээлэл, шуудан харилцааны тэр үедээ цоо шинэ систем тогтоосон.

3. Ерөнхийдөө дэлхийн аль ч улс орнууд худалдаачдад төдийлөн тааламжтай ханддаггүй байсан тэр үед Чингис, Өгөдэй хаадууд худалдааны өвөрмөц таатай бодлого явуулж тэдний аюулгүй байдлыг хамгаалах, гааль татварын өвөрмөц журам гаргах г.м. даатгалын шинж чанартай арга хэмжээ авч байсан нь “Торгон зам” замаар нэвтрэх худалдааны урсгалыг эрс өсгөж, хааны сангийн орлогыг нэмэгдүүлж байсан.

4. Замыг өргөжүүлэн тэлсээр Монгол орон, Монгол хүнийг нээж таниулах, нөгөө талаар гадаад ертөнцийг Монголын төрт улс танин мэдэж, хоёр талдаа далайд гарцтай, газар зүйн байршил, цаг уур, болон геополитикийн хувьд онцгой тохиромжтой болох дэлхийн хэсгийг эзэмшсэн их эзэнт гүрэн байгуулахын үлгэр дууриал болсон гэж үзнэ.

Өнөөдөр Монгол улс нь далайд гарцгүй, эх газрын алслагдсан хэсэг, зам харилцааны таатай бус байршилд оршиж байгаа нь олон улсын харилцааг хөгжүүлэхэд нэг том бэрхшээл болсоор байгаа билээ.

Энэ асуудлыг 800-аад жилийн тэртээ шийдвэрлэхийг зорьсон өвөг дээдэс минь ямар их ухаалаг бодлоготой байсныг судалж мэдэхийн хамт түүхээрээ бахархах ёстойг дурдая. Харин монголын эрх баригчдын эв нэгдэлгүй, мөн улсынхаа дотоод хэрэгт гадны гар хөлийг оролцуулах алхам хийж “Торгон Зам” нэвтэрдэг зам харилцааны зангилаа бүхий газар нутгаа бусдад алдаж байсан, тэр ч байтугай тусгаар тогтнолоо алдаж байсан харамсаж баршгүй гашуун түүхийг давтахаас сэргийлсэн төрийн ухаалаг бодлого өнөөдөр ч үгүйлэгдсэн хэвээр байгаа.

Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомт нь 24 цагийн ажиллагаатай, олон улсын шинжтэй.

Байршил:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт оршдог. Улаанбаатар хотоос 325км зайд  байрладаг. ОХУ-ын Наушик боомттой хиллэдэг.

Нээгдсэн он: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар нь анх Богд хааны зарлигаар 1912.06.08-нд Сангийн Яамны бүрэлдэхүүнд Гаалийн Хэргийг Ерөнхийлөн Шийтгэх Яамыг байгуулсанаар 1912 онд Халхын Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Буур харуулын нутаг дэвсгэр буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт Өвөр Хиагт гэдэг газар байгуулагдаж байжээ.

Монгол улс тусгаар тогтнол, эрх чөлөөний хувьсгал хийж ялсанаар Гаалийн Хэргийг ерөнхийлөн захирах яамыг татан буулгаж Сангийн яаманд шууд хариуцаж байжээ. Ардын Засгийн газраас1923 оны 6-р сард баталсан гаалийн дүрэмд гаалийн төвлөрсөн хороог Нийслэл хүрээ, Улиастай, Ховд, Заяын хүрээ зэрэг 4 газар байгууллахаас гадна хилийн боомтын гаалийн хороо, салбарыг хил хязгаарын 37 газарт байгууллахыг заажээ.

Энэхүү заалт ёсоор Алтанбулаг, Хүдэр, Зэлтэр зэрэг газарт гаалийн хэсэг байгууллагдсан бөгөөд тэдгээр нь өнөөгийн Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын үндэс суурь болсон юм.

Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомт  нь 1949 оноос үйл ажиллагаа тогтмол явуулж эхэлсэн.